Монголын Геологийн Холбоо (МГХ) нь 1996 оны 9 дүгээр сарын 28-нд нэр хүндтэй 23 геологичийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан, салбарын мэргэжлийн ууган төрийн бус байгууллагуудын нэг юм. Холбоо нь геологи, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэн, тэдний нийтлэг ашиг сонирхлыг төлөөлж байна.

Холбоо нь геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, бүх төрлийн судалгааг эрчимжүүлэх, геологичдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, Монгол орны геологийн шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийг дэлхийн тэргүүлэх орнуудын түвшинд хүргэхийг зорьдог.

Өнөөдөр холбоо нь 200 гаруй хувь хүн гишүүн, 10 гаруй гишүүн байгууллагатай бөгөөд сургалт, эрдэм шинжилгээ, хэвлэл, гадаад харилцаа болон мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг тогтмол явуулдаг.